"Алтан уулан орд” улсыг дэлхий дахинд зарлана
- Get link
- X
- Other Apps
"Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ өнөөдөр “Live conference center” төвд хэвлэлийн хурал хийлээ. Тус байгууллагынхан энэхүү хурлаараа шинжлэх ухааны шинэ нээлт хийснээ зарлав. Тэд Есүхэй баатрын “Алтан уулан орд улс” оршин байгааг дэлхий дахинд зарлаж, энэхүү шинжлэх ухааны нээлтээ 2017 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлж байгаа аж. Монгол Улсад бүх нийтээр Есүхэй баатрын “Алтан уулан орд улс”-ын газарзүйн байршлын талаарх шинжлэх ухааны шинэ нээлттэй танилцах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцэх хэрэгтэй байна гэв. Ард түмэнд энэхүү улсын оршин байгаа байршлыг танилцуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай болжээ.
“Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ-ын тэргүүн И.Эрдэнэчимэгийн хэлж байгаагаар, 1240 оноос хойш 777 жилийн турш монголчууд бид Чингис хааны уугуул нутгийн талаар ташаа ойлголттой байжээ. Одоо үүнийг залруулах ажилд УИХ-ын гишүүд зохих үүрэг гүйцэтгэх шаардлагатай байгаа учир “Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган хуралдуулах саналыг хүргүүлжээ.
Монголын нийгмийн сэтгэлгээнд байгаа Чингис хааны тухай ойлголтын зөрүүг нэн даруй арилгахад арга хэмжээ авах цаг нэгэнт болсныг тэд хэлж байлаа. Мөн “Монгол улсад Есүхэй баатрын “Алтан уулан орд” улс оршин байсаар байгааг бүх нийтээрээ мэдэж, хүлээн зөвшөөрөх бүх нийтийн санал хураалтыг нэн даруй зохион байгуулах хэрэгтэй байна. Бүх нийтийн санал хураалт явуулах ажлын комисс гаргаж ажиллуулах шаардлагатайг Есүхэй баатрын удмаас сонордуулж байна” гэж “Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ-ын тэргүүн И.Эрдэнэчимэг хэллээ. Тэрбээр шинжлэх ухааны шинэ нээлт хийж, Чингисийн монголчуудын алтан, мөнгөн язгуур оршин буй газрыг тогтооно гэсэн юм.
Ийнхүү “Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалж 777 жилийн нууцлалаа тайлж “Монголын ил товчоо” боллоо гэж тэд хэлж байлаа.
О.Цацрал
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment