Дараагийн Эйнштэйн гэгдэж байгаа залуу бүсгүйтэй танилц!
- Get link
- X
- Other Apps
24 настай Сабрина Гонзалез Пастерскийг эрдэмтэд Стефэн Хокинг, Альберт Эйнштэйн нарын гоц ухаантнуудтай адилтгах болжээ.
Чикаго хотын уугуул Сабрина анх 14 насандаа өөрийн гараар нэг хөдөлгүүртэй нисэх онгоцыг зохион бүтээж байв. Дараа нь тэр уг онгоцоороо Мичиган нуурын дээгүүр хөндлөн гулд ниссэнээр өөрийн бүтээсэн онгоцоор ниссэн хамгийн залуу хүн болсон юм.
Онгоц зохион бүтээхээс эхлээд нисэх хүртэл хоёр жилийг зарцуулсан бөгөөд Сабрина үүнийгээ баримтат кино болгон үлдээжээ.
2010 онд Иллиноисийн Математик, Шинжлэх Ухааны Академийг төгссөнийхөө дараа тэр нэр хүндтэй Массачусетсийн Технологийн Их сургуульд (MIT) элсэн орсон байна. Уг нь элсэгчдийг хүлээж авах эсэхээ тус сургууль хэсэг хугацааны дараа зарладаг бол профессор Аллен Хаггерти, Ёрл Мурман нар Сабринагийн дүрс бичлэгийг үзсэнийхээ дараа эргэлзээгүйгээр элсүүлэх шийдвэр гаргажээ.
Профессор Хаггерти энэ тухайгаа “Бид видеог үзээд гайхаж ангайсан. Түүний чадвар үеийнхнээсээ хэтийдсэн байлаа” гэж өгүүлсэн байна.
Сабрина MIT-д гурван жил сураад хамгийн дээд үнэлгээ буюу дунджаар 5.0 оноо авсан тул хугацаанаасаа өмнө төгсөж, одоо Харвардын их сургуульд докторын ажил хийж байгаа. Ингэхдээ тэр ямар нэг хичээл хөтөлбөрт баригдахгүй, 100 хувийн эрх чөлөөтэй суралцаж, ажиллаж байгаа гэнэ.
Одоо Сабрина онгоц бүтээх тухай бодохоо больж, харин квантын физикийг, тэр дотроо хар нүх, татах хүч орон зай, цаг хугацаанд хэрхэн нөлөөлдгийг шимтэн судлах болжээ.
Хэрвээ түүний судалгаа амжилттай болвол ертөнцийн зүй тогтлыг ойлгоход хэрэгтэй нээлт болох юм. Сабрина гүйцэтгэж байгаа ажил, судалгааны материалуудаа Physics Girl вэб сайтдаа байрлуулдаг.
Энэ жил тэр Мэри Клэйрийн ярилцлагад орохдоо “Өөрийн чадварын тухай үргэлж өөдрөгөөр бодож бай. Бага залуудаа хүн өөрийгөө ямар хүн болох, юу хийх тухайгаа маш их ярьдаг. Энэ мөрөөдлөө мартахгүй, гээхгүй явах нь маш чухал” гэж хэлж байв.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment